ECO горим - Яг Эко байж чаддаг уу?

4 сарын 13, 2026

Эрчим хүчний тасалдал, цахилгааны хэрэглээний төлбөр нэмэгдэх, цэвэр усны нөөц багасах зэрэг асуудлууд бидэнд хол алсуур санагдааг байсан бол өдгөө нийгэм хүрээлэн буй орчны, тэр бүү хэл бидний өдөр тутмын асуудлын нэг болсон байна.

Гэр ахуйн хэрэглээнээс үүдэлтэй байгаль орчинд үзүүлэх нөлөөг мөн санхүүгийн ачааллыг бууруулахыг зорьж байгаа энэ үед эхлэлийн хамгийн зөв цэг нь таны угаалгын өрөө. Ургамлын гаралтай угаалгын бодис хэрэглэх, бага температурт угаах, мөн угаалгын машины “ECO” горимыг ашиглах зэрэг энгийн шийдлүүд үүнд багтах юм.

Гэхдээ та “ECO” товчийг дарсны дараа угаалтын хугацаа 45 минутаас бараг 2–3 цаг болж уртсаж байгааг анзаарч “энэ горим үнэхээр эрчим хүч хэмнэж байна уу?” гэж бодож байсан байх.

Хариулт нь товчхондоо - ТИЙМ.

Анхандаа угаалгын машин удаан ажиллаж байгаа нь илүү зардалтай мэт санагдаж болох ч угаалгын машин ажиллаж эхлэх үед энэ нь харагдаж байгаа шигээ биш байж болно. Үнэн хэрэгтээ “ECO” горим дээр угаалга хийх хугацаа уртасдаг хэдий ч ус болон эрчим хүчний хэрэглээг бууруулах зорилготойгоор тусгайлан бүтээгдсэн байдаг.

Үйлдвэрлэгчид усны температур, усны хэмжээ, угаалтын хугацааг өөрчлөх замаар энэ горимыг тохируулдаг. Тиймээс “eco” горим илүү удаан байдаг ч илүү ухаалгаар ажилладаг.

“Eco”, “energy saving”, “water saving” гэх мэт нэршилтэй энэ тохиргоо нь нэг л утгатай — Бага зарцуулалт ашиглан ижил үр дүнд хүрэх.

“Eco” горим хэрхэн ажилладаг вэ?

Орчин үеийн ихэнх угаалгын машинд “ECO” горим дараах зарчмаар ажилладаг:

  • Усны температурыг багасгах
  • Усны нийт хэрэглээг бууруулах
  • Илүү зөөлөн эргэлтээр эргэх

Угаалгын явцад хамгийн их эрчим хүч зарцуулдаг хэсэг бол ус халаах процесс юм. “ECO” горим нь энэ хэрэгцээг багасгаснаар нийт эрчим хүчний хэрэглээг ойролцоогоор 30–60% хүртэл бууруулж чаддаг.

Харин бага температур, зөөлөн эргэлт механик үйлдлийг нөхөхийн тулд угаалтын хугацаа уртасдаг. Энэ хугацаанд угаалгын бодис илүү тарж нэвчин, бохирдол болон толбыг өндөр температур, хүчтэй эргэлтгүйгээр гагцхүү удаан хугацааны ажиллагааны туслалцаатайгаар цэвэрлэдэг. Өөрөөр хэлбэл, хурдан биш ч илүү үр ашигтай ажилладаг гэсэн үг.

Гэхдээ энэ тайлбар нь өөр бусад асуултуудыг араасаа дагуулж эхэлнэ. Удаан хугацаанд ажиллана гэдэг нь илүү их эрчим хүч, усны зарцуулалтыг бий болгохгүй гэж үү?

Удаан цикл илүү их эрчим хүч зарцуулдаг уу?

Үгүй.

Угаалгын машины эрчим хүчний ихэнх хэрэглээ нь хугацаанаас бус, ус халаахаас шалтгаалдаг. “ECO” горим бага температур (ихэвчлэн 30–40°C) ашигладаг тул илүү удаан хугацаанд ажилласан ч нийт эрчим хүчний хэрэглээ багасдаг.

Усны хэрэглээ нэмэгддэг үү?

Үгүй, ихэнх тохиолдолд эсрэгээрээ харин ч багасдаг.

“Eco” горим нь ус болон эрчим хүчийг аль алиныг нь хэмнэхээр программчлагдсан байдаг. Илүү урт хугацаанд бага ус ашиглан үр дүнтэй угаах боломжийг бүрдүүлдэг.

Угаалга үнэхээр үр дүнтэй байж чаддаг уу?

Тийм, ялангуяа өдөр тутмын угаалтад бүрэн нийцнэ.  

Гэхдээ тог болон ус бага зарцуулдаг гээд бүх угаалгаа “ECO” горим дээр тохируулаад байх нь өрөөсгөл ойлголт болно. Энэ горим нь өнгөц бохирдол, өдөр тутмын угаалгад хамгийн тохиромжтой. Харин хэт их бохирдолтой хувцас хэрэгслүүдээ өндөр температурт, олон удаагийн давтамжит угаалгаар угаах нь хамгийн зөв сонголт болно.

Мөн ихэнх даавууг ECO горим дээр угааж болох ч хувцас хэрэгслийн шошго, угаах зааврыг шалгаж байж энэ тохиргоог идэвхжүүлэх нь зөв зүйтэй алхам болно.

Тиймээс ECO горим бол ердийн угаалгад хамгийн тохиромжтой, мөнгө санхүү, байгаль дэлхийд ээлтэй гайхамшигт тохиргоо мөнөөс мөн юм.

“Яагаад “eco” горим удаан байдаг вэ?

Учир нь энэ горим бага температур ашигладаг.

Ус халаах нь хамгийн их эрчим хүч шаарддаг тул температурыг бууруулснаар эрчим хүч хэмнэдэг. Үүний оронд угаалгын бодис илүү удаан хугацаанд ажиллаж, бохирдлыг задлах боломжтой болдог.

Эрчим хүч хэмнэх бусад зөвлөмжүүд

“ECO” горимоос гадна дараах энгийн дадлууд ч үр дүнтэй:

  • Цахилгааны хэрэглээг оргил ачааллын үед багасгах
  • Бүтээгдэхүүн төхөөрөмжийг ашиглахгүй үед бүрэн унтраах
  • Дулааны насосыг хэт өндөр температурт тохируулахгүй байх (18–21°C тохиромжтой)

Судалгаагаар зарим өрхүүд зөвхөн төхөөрөмжийг standby горимоос салгаснаар эрчим хүчний хэрэглээг мэдэгдэхүйц бууруулах боломжтой байдаг.

Гэр ахуйн төхөөрөмжөө хэрхэн ашиглаж байгаадаа бага зэрэг өөрчлөлт оруулахад л мэдэгдэхүйц ялгаа гарч болно. Энэ нь зөвхөн цахилгааны төлбөрийг бууруулаад зогсохгүй ус, эрчим хүчийг хэмнэж, байгаль орчинд эерэг нөлөө үзүүлэх болно.